Monday, April 9, 2012

Дарстай хундаганд Далавчаа дүрэв



Дарстай хундаганд
Далавчаа дүрэв
Дахиад уумаар
Гуниг төрөв
Болор хундаганд
Бодлоо дүрэв
Босоод явмаар
Гуниг төрөв
Дурласан сэтгэлд чинь
Хөлөө дүрэв
Дулаацаж үлдмээр
Хүсэл төрөв




Бархирч, цурхирч уйлахад, сэтгэлээр унахад
Баруун талд минь барьц алга
Ганцаардаж гашуудаад гарц хайхад
Зүүн гарт тамхи байна, тайвшрал байна
Зүг чигээ алдчихаагүй байна
Хашгирмаар, орилмоор, чарламаар болоход
Ханцуй дотор нулимс л байна
Согтотлоо уучихсан хагас солиотой сэтгэл
Үйлээ эдэлж дуусаагүй байна, дундраагүй байна
Үнэхээр амьдрал сонирхолтой байна
Баргийн хүний хүсэвч эдлэхгүй
Барцад зовлон амттай байна
Хүрэх газар хол байна, хөл байна
Хүн шиг амьдрах хүсэл байна


Аль эрт үйрэн мартагдсан
навчны эмзэг санаа алдалтууд
Ахиад нүднээс чинь ургаад
бутран унахад чи инээмсэглээд
"Зүгээр л хүсэлдээ итгэчихэж, жаргалд дасчихаж
Зүүднээсээ сэрэхэд өвдөх болов уу?"
гэж асуусан
Би цонхоор ширтсэн
Биегүй ямар нэг юм
уйтгарлан сууж харагдсан.

"Хэзээ ч бид таараагүй бол
би өвдөхгүй, чи уйтгарлахгүй
Хэн хэнээ мэдэхгүй
би дасахгүй, амьдралд хоргодохгүй
Бүгчим харанхуйн дундаас
намайг татаж гаргасан
Бүлээхэн тэр гарыг
хойшид дурсахгүй, илчинд нь дулаацахгүй" гэсэн
Би цонхоор ширтсээр л
Биегүй ямар нэг юм
уйтгарлан сууж харагдсан.

No comments:

Post a Comment