Saturday, April 7, 2012

Захиас



Гэнэтхэн түүнийгээ үгүйлж эхлэв. Саяхан л байсан. Байх байхдаа бүр энүүхэнд байсан. Авчихаж. Алдчихаж.
Ээжээсээ асуув. “Хараагүй ээ, мэдэхгүй.”
Хөршөөсөө сураглав. “Тэрүүгээр яадаг юм.”
Хувцасны шүүгээ, дэр, гудсаа сөхөөд ч олсонгүй. Ийм хурдан, ингээд л алдчихна гэж бодож байсангүй. “Надаас өөрөө явчихав уу? Түүнгүйгээр би оршин тогтноно гэдэгтээ итгэхгүй нь.”
Мөч, хором, сар, жил. Хөл хөнгөрчээ. Тэр өдрөөс хойш нулимс, инээд хоёрыг мартав. Худлаа хэлж сурлаа. Хууран мэхлэх боллоо. Ээжийгээ орхилоо. Гунигласангүй. Нөхдөө хаялаа. Ганцаардсангүй. 
Дэлхий миний төлөө эргэнэ. Нар миний төлөө мандана. Хүмүүс миний төлөө амьдарна. Одод миний төлөө гялалзана. Энд надаас өөр хэн ч үгүй. Мөч, хором, сар, жил…
Үсэнд хяруу унаж, үр хүүхдүүд орхив. Дэлхий хөлийг минь тээршааж, нар салхивчаар цухалзана. Хүмүүс намайг мартаж, одод гэрлээ хумина. Тэр мөчид дахиад л түүнийгээ үгүйлж эхлэв. Хэзээ нэгэн цагт байсан. Хэрэг болгон хайж олоогүй. Таягаа тулаад гудамжинд гарлаа. Тааралдсан бүхнээсээ асууж сураглав.
“Тийм юм байдаг юм уу?”Хэн нэг нь мөрөө хавчина.
 

“Тэрэн шиг хэрэггүй юм байхгүй.” Хэсэг харчуул сургамжилна.
“Надад лав тийм юм байгаагүй”. Айлын эхнэр ширэв татна.
 

“Хулгайлаад авчихгүй юу.” Хүүхдүүд даажигнана.
Мөч, хором, сар, жил. Мөнөөх л эрэл. Хурааж цуглуулсан бүхнийг минь огторгуйн тоос залгижээ. Мартагдаж хоцорсон надад ээж ч алга, найз ч алга. Хумиж давчидсан сүүлчийн амьсгал. Хүүгээсээ би ингэж гуйлаа. “Хүн чанарыг минь заавал олоорой!”

Х.Болор-Эрдэнэ

No comments:

Post a Comment